Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро”-г барих төслийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээр БНСУ-ын Dohwa Engineering Co.Ltd болон “Korea National Railway”, “Soosung Engineering”, “Korea Railroad Corporation” түншлэл шалгарч, энэ хүрээнд Жайкагийн 2013 онд боловсруулсан Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг иж бүрнээр шинэчлэх, Инженер-геологи болон бусад суурь судалгааны нийт 6 ажлыг хийж гүйцэтгээд байна. Тухайлбал, геологийн өрөмдлөгийн ажлыг Улаанбаатар хотын 42 цэгт буюу метроны трассын дагуу 500 м тутамд 30 м-ийн гүнд өрөмдлөг хийж, хөрсний дээж бүхий суурь шинжилгээг хийсэн. Мөн гидрогеологи, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, зорчигч хөдөлгөөний судалгаа, тээврийн эрэлтийн судалгааны үндсэн дээр дата анализ хийж, шинэчлэн боловсруулсан ТЭЗҮ-ийг 02 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны дэргэдэх мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд мэргэшсэн зөвлөхүүдээс өгсөн зөвлөмж, саналыг тусган 02 дугаар сарын 18-ны өдөр хэлэлцүүлж дэмжигдсэн.

Тус шинэчилсэн ТЭЗҮ-ийг Барилгын хөгжлийн төвийн шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр үе шаттайгаар хэлэлцэж дэмжсэн бөгөөд ХББОС-ын сайдын тушаалаар салбар дундын өргөтгөсөн ажлын хэсэг байгуулан ТЭЗҮ-ийг магадлах ажлыг 100% хийж гүйцэтгэсэн байна.
Улаанбаатар метро төсөл нь Толгойтоос Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн хүрэх 19,4 км урт шугамтай, 15 өртөө, засвар үйлчилгээний депотой байх бөгөөд ашиглалтад орсноор оргил цагт нэг чиглэлд цагт 17200 хүн тээвэрлэх тооцоо судалгаа гарчээ.