Энэхүү төлөвлөгөө нь Улаанбаатар метро төслийн бүх үе шатанд Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC), Дэлхийн Банк (WB), Азийн Хөгжлийн Банк (ADB), Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк (AIIB), Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (EBRD) зэрэг байгууллагуудын зарчим, шаардлагад нийцсэн жендерийн тэгш байдлыг хангах, эмзэг бүлгийн иргэдийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тэгш оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилготой.
Улаанбаатар хотод эмэгтэйчүүд ажил, сургууль, худалдаа үйлчилгээний газрууд, эрүүл мэндийн байгууллагууд хооронд богино зайнд хэдий ч олон буудал дамжиж зорчдог бөгөөд ихэнхдээ хүүхэд эсвэл ахмад настай гэр бүлийн гишүүдийг хамт дагуулж явдаг. Эдгээр нь эмэгтэйчүүдийн зорчих цаг хугацааг уртасгаж, хүртээмжтэй, аюулгүй, найдвартай нийтийн тээврээс хамааралтай болгоход нөлөөлдөг. Эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүд хувийн тээврийн хэрэгсэлд бага зорчдог тул автобус, явган, албан бус тээврийн хэрэгслээс хамааралтай байх нь элбэг байна.
Гэсэн хэдий ч Улаанбаатар хотын нийтийн тээврийн системийн аюулгүй байдал, хамгаалалт, тав тухтай байдал нь эмэгтэйчүүдэд ээлгүй, санаа зовоосон асуудал хэвээр байна. Ялангуяа өглөө эрт, оройн цагаар, нийтийн тээврийн үйлчилгээ хязгаарлагдмал, гэрэлтүүлэг муу, хяналтын систем сул үед асуудал эмэгтэйчүүдэд илүү хүнд тусдаг.
Иймд Улаанбаатар Метро төсөл нь эмэгтэйчүүд, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрт аюулгүй, найдвартай, хүртээмжтэй нийтийн тээврээр зорчих эрх, мөн далд утгаараа нийгэмд тэгш оролцох, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна. Үүнд:
Зураг төслийн үе шат - Суурь дэд бүтцийн төлөвлөлтийн шатанд эмэгтэйчүүд болон эмзэг бүлгийн зорчигчдын төлөөлөлтэй санал солилцож, түүнийхээ үр дүнг бодитоор зураг төсөлдөө буулгах (Рамп, лифт, тактил зам, ахмад, хүүхэдтэй зорчигчдод зориулсан орчин, өвлийн нөхцөлд (цас, мөс) аюулгүй байдлыг хангах)
Барилгын үе шат - Хүйсийн ялгаварлалгүй, аюулгүй ажлын орчих бүрдүүлэхийн тулд ажилчдын сайн сайхан байдлыг хангах, хөдөлмөр эрхлэлтийн тэгш байдлыг идэвхтэй дэмжих, гомдол барагдуулах механизмыг даган мөрдөх (Ажлын байрны хүйсийн тоог тэнцвэржүүлэх, бэлгийн дарамтын эрсдэлээс сэргийлэх сургалт болон жендэрт суурилсан хүчирхийлэлийн сургалтуудад 100% хамруулах, техникийн албан тушаал дахь эмэгтэйчүүд 10–15% байх г.м)
Ашиглалтын үе шат - Бүх үйлчлүүлэгчид аюулгүй, тэгш хамрагдаж чадаж байгаа эсэхт тогтмол хяналт үнэлгээ хийх, үүн дээр үндэслэн үйл ажиллагаагаа цаг тухайд нь сайжруулах (Яаралтай дуудлагын систем суурилуулах, CCTV болон гэрэлтүүлгээр 100% хангах, эмэгтэй хамгаалалтын ажилтан ажиллуулах г.м)
Гол зорилтууд:
-Аюулгүй, хүртээмжтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх
-Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, оролцоог нэмэгдүүлэх
-Эмэгтэйчүүдийн орлогын эх үүсвэрийг хамгаалах
-Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх
-Төслийн шийдвэр гаргалтад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх