НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


УЛААНБААТАР МЕТРО ТӨСӨЛ

МЭНДЧИЛГЭЭ

Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, хотын төлөвлөлтгүй тэлэлт, дэд бүтцийн ачааллын өсөлтөөс шалтгаалан авто замын түгжрэл, агаарын бохирдол, нийтийн тээврийн хүртээмж зэрэг асуудал иргэдийн өдөр тутмын амьдралд бодитоор нөлөөлж байна. Нийслэлчүүд өдөрт дунджаар 1 цаг 35 минут, жилд ойролцоогоор 577.5 цагийг замын түгжрэлд зарцуулж байгаа нь цаг хугацаа, эдийн засгийн бүтээмж, амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх болсон. Иймд түгжрэлийг зөвхөн авто зам өргөтгөж шийдэх бус, Метро, Дүүжин замын тээвэр, Трамвай, Тусгай замын автобус (BRT) зэрэг их багтаамжийн нийтийн тээврийн системийг үе шаттай хөгжүүлж,  нэгдсэн сүлжээнд уялдуулах замаар шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 411 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл болох метроны системийг барьж байгуулах шийдвэр гаргаж, “Улаанбаатар метро” төслийг үе шаттай хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн.

Төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг анх 2011 онд БНСУ-ын “Soosung Engineering” компани боловсруулж, 2013 онд JICA-ийн дэмжлэгтэйгээр нэмэлт судалгаа, шинжилгээ хийсэн байдаг. Улмаар 2024 оны 7 дугаар сараас БНСУ-ын “Dohwa Engineering Co., Ltd.” тэргүүтэй түншлэл төслийн зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэж, Техник, эдийн засгийн үндэслэлийг олон улсын стандартад нийцүүлэн иж бүрэн шинэчилсэн. Мөн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн иж бүрэн үнэлгээг “Inogen Alliance” байгууллагатай хамтран боловсруулж, батлуулаад байна. Ингэснээр төслийн хэрэгжилтийн бэлтгэл ажил үндсэндээ дуусаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерүүдийг үе шаттай зохион байгуулах, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх нөхцөл бүрдсэн.

Томоохон төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалт нь зөвхөн дэд бүтцээр хязгаарлагддаггүй бөгөөд үндэсний хүний нөөцийн чадавх бэхжиж, мэдлэг, ур чадвар шинэ түвшинд хүрч, боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжилд шинэ боломж нээгдэж байдаг. Тиймээс “Улаанбаатар метро” төслийн хүрээнд үндэсний мэргэжилтэн, инженер, судлаачдыг бэлтгэхэд онцгой анхаарч, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, БНСУ-ын Халла их сургуультай хамтран Төмөр замын салбарын боловсон хүчин бэлтгэх Олон Улсын хамтын ажиллагааны боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.  Үүний зэрэгцээ онолын судалгаа, сургалтын ажлыг удирдан манлайлах магистр, докторын зэрэгтэй мэргэжилтэн, их сургуулийн багш, судлаачдыг бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, метроны салбарын урт хугацааны үндэсний чадавхыг бий болгохоор ажиллаж байна.

Энэ бол зөвхөн өнөөдрийн метроны бүтээн байгуулалтын хүний нөөцийн бэлтгэл бус, Монгол Улсад төмөр зам, метроны салбарын мэдлэг, технологи, стандарт, үндэсний соёлыг соёлыг үе шаттайгаар төлөвшүүлэх урт хугацааны хөрөнгө оруулалт юм.

Тиймээс та бүхэн энэхүү цахим хуудсаар дамжуулан “Улаанбаатар метро” төслийн хэрэгжилтийн явц, судалгаа, төлөвлөлт, техникийн шийдэл, шинэлэг мэдээлэлтэй танилцаж, өөрсдийн саналыг хуваалцан идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна.

Хүндэтгэсэн:  З.Батырбек  “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын Захирал