НТУГ-ын инженер, мэргэжилтнүүд барилгын салбарын 100 жилийн ойн шагнал хүртлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байна
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ҮЕЭР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ 3000 ГАРУЙ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА
Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна


БАЙГАЛЬ ОРЧНЫ ТӨЛӨВ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭГ "ЭКО НАТУР ХХК" ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ

Улаанбаатар метро төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээг амжилттай дуусгав

Улаанбаатар хотын метро төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээг боловсруулж дууссан тухай мэдээллийг албан ёсоор танилцуулж байна. Үнэлгээг БОНХЯ-ны 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А-117 тоот тушаалаар батлагдсан аргачлалын дагуу хийсэн бөгөөд төсөл хэрэгжих бүсийн байгаль орчны өнөөгийн нөхцлийг нарийвчлан тодорхойлсон байна.

Төслийн талбай нь Улаанбаатар хот болон түүний орчмын нутаг дэвсгэрт байрлаж, Монгол орны Хэнтийн уулархаг мужийн баруун урд үзүүр, Туул голын хөндийн дэнжийн хэсэгт оршдог. Байршлын онцлог нь ойт хээрийн бүсэд хамаарах бөгөөд Богдхан, Сонгинохайрхан, Баянзүрх зэрэг 1,950–2,268 м өндөр уулсаар хүрээлэгдсэн байна. Төслийн талбайн урд талд ойролцоогоор 2 км-ийн зайд Туул гол урсдаг бөгөөд төслийн үйл ажиллагаанаас гадаргын усанд сөрөг нөлөөлөл гарахгүй болохыг тогтоожээ.

2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хээрийн судалгааг гүйцэтгэж, хөрсний нэг зүсэлт, унд, ахуйн усны дээжийг MNS 5667-11:2000 стандартын дагуу авч шинжилгээнд оруулсан байна. Усны шинжилгээгээр унд, ахуйн ус нь цэвэр, бага зэрэг эрдэсжилттэй, маш зөөлөн ус болох нь батлагдсан ба бүх үзүүлэлт MNS 0900:2018 стандартын шаардлагад нийцэж байна.

Сонгинохайрхан дүүргийн төсөл хэрэгжих бүсэд хар хүрэн хөрс тархсан бөгөөд шинжилгээгээр шүлтлэг орчинтой, хүнд металлын агууламж стандартын хязгаараас давсангүй, хөдөлгөөнт фосфор, калийн агууламж өндөр, элсэрхэг механик бүрэлдэхүүнтэй болохыг тогтоожээ.


Төслийн талбайн ургамал нөмрөг нь байгалийн анхны хэлбэрээс өөрчлөгдсөн бөгөөд шарилж, лууль зэрэг хог ургамал зонхилсон байна. Дотоод орчны агаарын чанар (PM10, PM2.5) болон дуу шуугианы түвшинг хэмжсэн ба үр дүн нь MNS 4585:2016 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс бага байжээ. Мөн төслийн талбай газар чичирхийллийн МСК-64 шатлалын 7 баллын бүсэд оршиж, газар хөдлөлтийн давтамж 1000 жилд нэг удаа тохиох магадлалтай болохыг тогтоосон байна. 

Байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр төсөл хэрэгжихэд хөрс, ургамлын бүрхэвчийн өөрчлөлт нь шууд, урт хугацааны сөрөг нөлөөлөл үзүүлэх боловч дэд бүтцийн хөгжил, орон нутгийн орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг нь урт хугацаанд эерэг нөлөө үзүүлэх юм байна.