Төслийн хүрээнд иргэдийн зорчих эрэлтийг тодорхойлох Origin-Destination (OD) болон Stated Preference (SP) судалгааг гүйцэтгэв.
Судалгаанд Улаанбаатар хот, Энхтайваны өргөн чөлөөний дагуу шинээр төлөвлөгдөж буй метроны өртөөнөөс 1 км-ийн радиуст оршин суудаг 2,825 иргэн хамрагдсан юм. Судалгааны мэдээлэл цуглуулалтыг батлагдсан арга, аргачлалд нийцүүлэн 2024 оны 10 дугаар сарын 23-аас 11 дүгээр сарын 17 хүртэл хугацаанд явуулж, ISO 20252:2012 стандартыг мөрдөн ажилласан.

Судалгаанд оролцогчдын ерөнхий насны ангилал
Судалгаанд хамрагдах өрхийн бүтцийг Улаанбаатар хотын өрхийн бүтэцтэй харьцуулан харахад ижил түвшинд байгаа нь уг судалгаа нь Улаанбаатар хотын нийт өрхийг дүүрэг бүрээр төлөөлөх чадвартай болохыг харуулж байгаа юм. Нийт оролцогчийн 39 хувь нь Баянзүрх дүүргээс хамрагдсан бөгөөд энэ нь ажлын даалгаварт тусгасны дагуу мэдээлэл цуглуулалтыг Энхтайвангийн өргөн чөлөөний дагуу гүйцэтгэсэнтэй холбоотой юм
Нийт судалгаанд оролцогчид дунджаар 38 настай байгаа бөгөөд насны бүтцээр нь харвал, 26-33 насныхан хамгийн их хувийг буюу 22 хувийг нь эзэлж байна. Харин 66-аас дээш насныхан хамгийн бага буюу 4 хувийг эзэлж байна

Доор судалгааны гол үр дүнг хураангуйлав:
Сэтгэл ханамж, өрхийн тээврийн хэрэгслийн хэрэглээ:
- Нэг иргэн сар бүр дунджаар нийтийн тээврийн автобусанд 29,674 төгрөг, хувийн машины шатахуунд 263,307 төгрөг, бусад тээврийн хэрэгсэл (такси, скүүтер) ашиглахад 68,926 төгрөг зарцуулдаг.
- Судалгаанд хамрагдсан өрхийн 75% нь хувийн автомашинтай, 14% нь дугуйтай гэж хариулсан.
- Нийтийн тээврийн автобусны үйлчилгээнд сэтгэл ханамжийн түвшин: 47% сэтгэл ханамжтай, 34% сэтгэл ханамжгүй. Нас нэмэгдэх тусам нийтийн тээврийн үйлчилгээний сэтгэл ханамж нэмэгдэж, 18-25 насны залуусын дунд 41% нь сэтгэл ханамжтай гэж хариулсан нь хамгийн бага үзүүлэлт болсон.
- Судалгааны нарийвчилсан үзүүлэлтээр автобусны үнэ, буудлын ойр байх байдал хамгийн өндөр сэтгэл ханамжтай (91% ба 72%), харин автобус цагтаа ирэх байдал (32% сэтгэл ханамжтай, 54% сэтгэл ханамжгүй), дотоод цэвэр байдал, жолоочийн эелдэг харилцаанд 33-35% нь сэтгэл ханамжгүй байгааг илэрхийлж байна.

Хотын тээврийн тулгамдсан асуудлууд:
- Хувийн автомашины хувьд гол асуудлууд: зогсоол дутмаг (62%), зам, уулзварын төлөвлөлт буруу (50.4%), зам дутмаг (44.3%).
- Нийтийн тээврийн хувьд: автобуст хүн ихтэй, дүүрэн байх нь гол асуудал. 53.1% нь автобус цагтаа ирдэггүй, 31.3% нь автобусны чиглэл дутмаг гэж хариулсан.
- Явган болон дугуйгаар зорчиход хамгийн их тулгардаг асуудал нь явган хүний болон дугуйн зам дутмаг байдал.

Зорчилт, хөдөлгөөний хэв маяг:
- Судалгаанд хамрагдсан иргэд өдөрт дунджаар 2.74 зорчилт хийдэг. 28% нь өдөрт 2 зорчилт, 20% нь 3 зорчилт, 13% нь 4 зорчилт, 8% нь 5 ба түүнээс дээш зорчилт хийсэн.
- Өглөөний оргил цаг 7:00-д эхэлж 10:00 цагт буурдаг, оройн оргил цаг 17:00-д эхэлж 20:00 цагаас буурдаг.
- Зорилго: 38.5% гэртээ харих, 24.9% ажилдаа явах, 8.8% зах худалдааны төв орох, 5.5% сургууль/цэцэрлэгээс хүүхэд авах/хүргэх. Боловсролтой холбоотой зорчилт (сургууль, дамжаа, хүүхэд хүргэх/авах) нийт зорчилтын 77%-ийг бүрдүүлдэг.
- Хэрэглэж буй тээврийн хэрэгсэл: 40.7% хувийн автомашин жолоодон, 6.3% автомашинаар хүргүүлж, 4.4% такси хэрэглэсэн. 30.9% нийтийн тээврийн автобус, 16.5% алхалт, дугуй, скүүтер, мотоцикл/мопед харьцангуй бага хэрэглэгдэж байна. Нийтийн тээврээр зорчсон иргэдийн 25% дамжин суусан нь автобусны чиглэлийг сайжруулах шаардлагатайг харуулж байна.
Метроны хүлээлт, үнэлгээ:
- Иргэдэд метроны талаарх мэдээллийг танилцуулж, 4 нөхцлийг үзүүлэн аль тээврээр зорчихыг асуухад 83%-аас дээш нь метро сонгоно гэж хариулсан. Нөхцөл 3-д 87% нь метро сонгоно гэж хариулсан нь хамгийн өндөр үзүүлэлт. Нас, хүйс, ажил эрхлэлтээс хамааран ялгаа байхгүй.
- Метронд төлөх боломжтой дүн: 66% нь 1,000 төгрөг хүртэл, 21% нь 2,000 төгрөг болон түүнээс дээш, 12% нь 1,500 төгрөг төлөх боломжтой. Дундаж боломжтой дүн: 1,379 төгрөг. Хамгийн их төлөх боломжтой дүнгийн дундаж: 2,625 төгрөг.
- Метроны үнэ: 62% нь нэг төлөөд хэдэн ч өртөө явж болно гэсэн тогтмол үнэ, 38% нь явсан зайгаас хамаарч өөрчлөгдөх үнэ гэж хариулсан. Насны бүлэгт: 18-25 насны 74% нь тогтмол үнэ, өндөр насанд энэ хандлага буурч, 56+ насны 57% нь тогтмол үнэтэй байхыг сонгосон. Орлогын түвшнээс хамаарах хандлага: орлого ихтэй хүмүүс зайгаас хамаарсан үнэ сонгох хандлагатай, орлого бага хүмүүс тогтмол үнэтэй байхыг илүүд үзэж байна.
Энэхүү судалгаа нь Улаанбаатар хотын иргэдийн зорчих хэв маяг, нийтийн тээврийн үйлчилгээний сэтгэл ханамж, шинээр байгуулагдах метроны хүлээлт болон үнэ төлбөрийн боломжийг тодорхойлсон чухал мэдээлэл болж байна

Иргэдийн метронд төлөх боломжит мөнгөн дүн болон хамгийн ихдээ төлөх мөнгөн дүн, төгрөгөөр

