Улаанбаатар хотын метро төсөл нь 2013 онд Жайка ТЭЗҮ-ээр боловсруулагдсан ба хотын захын хэсэгт байрлах гүүрэн байгууламжаар газар доогуур нэвтэрч, хотын төв рүү ойртон өргөгдсөн хэсэгт буурч ордог байсан. Энэ үед гүүр болон гүүрэн байгууламжийн хэсэг нь хөрөнгө, цаг хугацааны хувьд их зардал шаарддаг байсан бөгөөд ойролцоох сууцны бүсэд сөргөөр нөлөөлж, хот төлөвлөлтийн зарчмыг алдагдуулах эрсдэлтэй гэж дүгнэжээ.
Мөн дуу чимээ, бохирдол ихтэй, цаг уурын нөхцөлөөс шалтгаалан засвар үйлчилгээ хийх шаардлага ихтэй байсан ба одоогийн авто замын сүлжээнд өөрчлөлт оруулах шаардлагатай болж, хотын захын бүс болон гүүрэн байгууламжийн хэсэгт нөлөөлөлд орсон нь нийт нөлөөллийн талбайг ихэсгэж байв. Барилга угсралтын анхны өртөг харьцангуй бага байсан ч ашиглалтын үед гарах засвар үйлчилгээ, үйлчилгээний зардал ихтэй байсан нь төсөлд эдийн засгийн ачаалал нэмдэг байлаа.
Шинэчилсэн 2025 оны ТЭЗҮ-д метро нь бүх уртаараа газар доогуур явах бөгөөд хотын захад зөвхөн газрын түвшинд гарч ирдэгээр төлөвлөгдсөн. Энэ нь улмаар хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлж, эдийн засгийн давуу талыг бий болгоход чиглэгдсэн.

Газрын доогуур шугамтай болох нь хот төлөвлөлтийн зарчмыг хадгалж, дуу чимээ болон орчны бохирдлыг багасгадаг бөгөөд цаг уурын нөлөөлөлд бага өртөх давуу талтай. Мөн авто замын сүлжээнд үзүүлэх нөлөө бага бөгөөд барилгын үеийн хөдөлгөөн, нүүлгэн шилжүүлэлт, газар чөлөөлөлт багатай байхаар тооцжээ. Барилга угсралтын анхны өртөг өндөр боловч ашиглалтын үед гарах засвар үйлчилгээ, үйлчилгээний зардал бага байх тул урт хугацааны эдийн засгийн үр ашиг өндөр юм.
Ийнхүү шинэчилсэн ТЭЗҮ нь урт хугацаанд хотын төвийн төлөвлөлтийг хадгалах, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, орчны нөлөөллийг багасгах, авто замын хөдөлгөөнд үзүүлэх нөлөөллийг багасгах зэрэг олон давуу талтай юм. Энэ төлөвлөлт нь хөрөнгө оруулалт болон ашиглалтыг оновчтой хослуулсан, хотын хөгжлийн зарчимд нийцсэн шийдэл болж байна.